МОНГОЛЫН ЗӨГИЙЧДИЙН НИЙГЭМЛЭГИЙН  ТАНИЛЦУУЛГА

reading

Монгол оронд ”нисдэг сүрэг” суурьшин, үр шимээ өгч эхэлснээс хойш бараг хорь шахам жилийн дараа буюу 1977 онд зөгийчдийн анхны байгууллага болох Залуу зөгийчдийн холбоо байгуулагджээ. Эх орондоо зөгийн аж ахуйг улам дэлгэрүүлэн хөгжүүлэх, ард олонд сурталчлан таниулах, энэ аж ахуй эрхлэгчдээ дэмжих, туршлага солилцуулах, сургалт, зөвлөгөө, мэдлэг мэдээллээр хангах зорилгоор байгуулсан тус холбооны санаачлагчид нь Ардын уран зохиолч, Хөдөлмөрийн баатар Лодонгийн Түдэв, биологийн ухааны доктор (Sc.D) Гэндэнгийн Очирбат,  биологийн ухааны доктор (Ph.D) Хөхөөгийн Отгонбилэг  нар байжээ. Монголын Хувьсгалт Залуучуудын байгууллагын ивээлээр 1977, 1982 онд Монголын зөгийчдийн I, II чуулганыг  зохион байгуулсан бөгөөд дараа нь 1991 оны хавар  Сэлэнгэ аймгийн Шаамар суманд   болсон Зөгийчдийн зөвлөгөөнд оролцсон төлөөлөгчдийн саналаар ”Монголын зөгийчдийн нийгэмлэг”-ийг үүсгэн байгуулж, анхны ерөнхийлөгчөөр нь Б.Жамц, дэд ерөнхийлөгчөөр Г.Очирбат, нарийн бичгийн даргаар ХААЯ-ны мэргэжилтэн Г.Баттөмөр нарыг сонгон үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн юм. 1990-ээд оны дунд үеэс зөгийн аж ахуй төдийгүй Монголын хөдөө аж ахуйн олон салбарын үйл ажиллагаа доголдож, уналт бууралтанд орсон. Гэвч Монголын Зөгийчдийн Нийгэмлэг нь зөгий үржүүлэх, түүний тэжээлийн бааз, өвчин эмгэгээс сэргийлэх, тэргүүний зөгийчдийн ажил үйлсийн талаар тасралтгүй бичиж сурталчилсаар ирсэн юм.

2003 оны 3 дугаар сарын 29-нд ХААИС-ийн  Эрдмийн зөвлөлийн танхимд болсон зөгийчдийн төлөөллийн хурлаар Монголын зөгийчдийн нийгэмлэгийн ерөнхийлөгчөөр Г.Очирбат, нарийн бичгийн даргаар Мяхдадаг, гүйцэтгэх захирал, хэвлэл мэдээллийн эрхлэгчээр Х.Отгонбилэг нарыг сонгож, удирдах зөвлөлийн гишүүнээр Б.Жамц, Д.Сэлэнгэ, Г.Баттөмөр, П.Дагвадорж, Дамдиндорж, Г.Пунсалпаамуу, Намжилсүрэн, Н.Тогтохбаяр, Ж.Батсайхан, С.Баатарсайхан, Д.Нэргүй, Г.Бүрэнжаргал нарыг ажиллуулахаар шийдвэрлэж байжээ.

 2013 оны 4 дүгээр сарын 9-ний өдөр Монголын хөдөө аж ахуйн чухал салбарын нэг зөгийн аж ахуй эрхлэгчид, зөгийчид 32 жилийн дараа өргөн бүрэлдэхүүнээр цуглан, Монголын Зөгийчдийн III чуулганаа зохион байгууллаа. Монгол орны өнцөг булан бүрээс цугласан 300 гаруй зөгийчин, зөгий сонирхогчид хүрэлцэн ирж, хоёр өдрийн турш монголын зөгийн аж ахуйн өнөөгийн байдал, энэхүү салбарын талаархи Засгийн газраас баримтлах бодлого, цаашдын хандлага, байгаль орчинд зөгийн нөлөөлөх нөлөөлөл, зөгийн  бүтээгдэхүүнийг дотоодын болон гадаадын зах зээлд нэвтрүүлэх арга зам, ашиг шим сайтай эх зөгий, бүл бүлэнцэр гарган авах, балт ургамлын нөөцийг зохистой ашиглах арга зам, зөгийн мэргэжилтэй боловсон хүчин бэлтгэх талаар хийж буй ажлуудын талаар хэлэлцэн ярилцаж, зөгий судлалаар нэрд гарсан эрдэмтэн судлаачдын сонирхолтой илтгэл, судалгааны бүтээлүүдээс сонирхлоо.

Энэхүү чуулганаар Монголын зөгийчдийн нийгэмлэгийн дүрэмд зарим  нэмэлт өөрчлөлт оруулж, удирдах зөвлөлийн гишүүдээр, Г.Баярсайхан, Ж.Эрдэнэбат, Б.Цэвээнпүрэв, Г.Очирбат, Х.Отгонбилэг, С.Баатарсайхан, Б.Занданхүү, Ц.Туваан, Д.Цагаанчулуун, Д.Долгормаа, Г.Шижиртуяа нарыг сонгож, ерөнхийлөгчөөр Ц.Тувааныг сонгож, гүйцэтгэх захирлаар Т.Туяа нарыг ажиллуулахаар томиллоо.

Монголын зөгийчдийн нийгэмлэг нь зөгийчид, зөгийн мэргэжилтэн, зөгийн аж ахуйг сурталчлан таниулах, эрх ашгийг хамгаалан мэргэжил, амьдралын түвшинг баталгаатай болгоход туслан дэмжих, шинжлэх ухааны ололт тэргүүн туршлага, практикийг хослуулан зөгийн аж ахуйг хөгжүүлэх үйл ажиллагааг төгөлдөржүүлэх зорилготой ажиллаж байна.

Монголын Зөгийчдийн Нийгэмлэг нь зөгийн мэргэжилтэн, зөгийчдийн дунд ажил мэргэжлийн зөвлөгөө өгөх, ярилцлага хийх, үзүүлэх сургалт, хурал семинарыг удаа дараа амжилттай хийж ирлээ. Мөн Зөгийн аж ахуй, түүний бүтээгдэхүүн,  зөгийн тэжээл, балт ургамлын нөөцийн талаар  зөвлөмж, лавлах, ном товхимол, эрдэм шинжилгээний өгүүллэгийг олон нийтийн сонин, сэтгүүлд нийтлүүлж, “Зөгий-Цэцэг-Жимс” сэтгүүлийг улирал тутам гаргаж байна. Зөгийн тэжээл балт ургамал, зөгийн бүтээгдэхүүний зохистой хэрэглээ, өрхийн үйлдвэрлэлд зөгий үржүүлэх боломж зэрэг сэдвээр эрдэм шинжилгээний  болон онол үйлдвэрлэлийн бага хуралд  удаа дараа илтгэл тавив.

Зөгийн аж ахуйд олон жил үр бүтээлтэй ажиллаж байгаа зөгийчдийг Монголын Зөгийчдийн Нийгэмлэгийн “Хүндэт өргөмжлөл”, “Өргөмжлөл”-өөр шагнан урамшуулдаг.

Орон нутагт зөгийчдийн нөхөрлөл холбоо байгуулах, түүнийг үр бүтээлтэй ажиллуулах талаар Нийгэмлэгээс байнга анхаарч, зөвлөмж өгч, зөгийчдийн хамтарсан өдөрлөг, уулзалт хийх ажилд тогтмол оролцож байна.

Улаанбаатар, Сүхбаатар дүүрэг, 7-р хороо Залуучуудийн Холбооны урд талд Засгийн газрын 11-р байр 105 тоот
Утас : 70001244, 99005154, 99111244
И-Мэйл : ttuya24@yahoo.com
Шуудангийн хайрцагны № : УБ-14192 Ш/Х-61

Хүсэлт илгээх
Social хуудас
Facebook

Зөвхөн системийн админ нэвтрэх боломжтой

Нэвтрэх