Монголынхоо “нисдэг сүрэг”-ийн эзэд “шингэн алт” үйлдвэрлэгч эрхэм та бүхэндээ ажил хөдөлмөрийн өндөр их амжилт хүсэн ерөөж, сайн сайхныг хүсье.
Ерөнхийлөгчийн мэндчилгээ
Монголын зөгийчид хагас зууныхаа түүхэнд чамгүй ихийг хийж амжуулжээ. Анх 1959 онд манай ахмад үеийн зөгийчид анхны бүл зөгийг орос ах нараасаа авчирч зөгийн аж ахуйн үндэс суурийг тавьсан бол дунд үеийнхэн маань зөгий хэмээх гайхамшигт амьтдыг олноор өсгөн ашиг шимээр нь ард олноо тэтгэж, бие даасан нэгэн томоохон аж ахуй болгон хөгжүүлж чаджээ. Өнөө цагт залуучууд маань энэхүү салбарт хүч үзэн, даяаршиж буй дэлхийн өнцөг булан бүрт суугаа мэргэжил нэгтнүүдтэйгээ туршлага, мэдлэгээ солилцон, дэвшилд хүргэхээр тэмүүлнэ. Ийнхүү эргэх цагийн аяс, тасралтгүй гурван цагийн хэлхээнд Монголын зөгийн аж ахуй цэцэглэн хөгжиж байна. Бид саяхан гуч гаруй жилийн дараа халуун ам бүлээрээ, өргөн бүрэлдэхүүнээр хуран чуулж, “Монголын зөгийчдийн III чуулган” -ыг хийлээ.
Энэ бол бидний шинэ цагийн эхлэл… Төр засгийнхаа анхаарлыг өөрийн салбартаа хандуулах, шинэ төсөл хөтөлбөрүүд хэрэгжүүлэх, эх орныхоо зах зээлийг дотоодын чанартай бүтээгдэхүүнээр бүрэн хангах, гадаад харилцаагаа хөгжүүлэх, монголын зөгийчдийн шинэ цагийн боловсон хүчнүүдийг бэлтгэх гээд та бидэнд санаж сэрэх, хийж бүтээх ажил үйлс өрнүүн байна. Оюун билэг, хүсэл эрмэлзлээ нэгтгэн ирээдүйн сайн сайханд хамтдаа тэмүүлцгээе.
Монголын зөгийчдийн нийгэмлэгийн ерөнхийлөгч
Ц .ТУВААН